Таньж баталгаажуулах тоон гарын үсгийн гэрчилгээ: Цахим бизнес, төрийн болон бусад төрөл бүрийн систем, онлайн үйлчилгээнд хандах, бусад цахим гүйлгээ, хэлцэл хийхэд найдвартай таньж баталгаажуулах, захидал харилцааг хөдөлбөргүй баталгаажуулахын тулд тоон гарын үсэг зурах, захидал харилцаа, дамжуулж буй баримт бичгийг шифрлэн дамжуулах, ажилтнууд, хэрэглэгчдийг хялбар таних, бөөний онлайн худалдаа зохион байгуулах гэх мэт зорилгоор ашиглагддаг тоон гарын үсгийн гэрчилгээ – цахим баримт бичиг юм. Энэ гэрчилгээ нь хэрэглэгчийн мэдээлэл, олгосон ГОБ-ын мэдээлэл, хосгүй серийн дугаар болон бусад хосгүй өгөгдлүүд, хүчинтэй хугацаа, тоон гарын үсгийн нийтийн түлхүүр, холбогдох бусад мэдээллийг агуулсан байх бөгөөд Хувь хүмүүс болон байгууллагын төлөөлөгч хэн боловч ашиглаж болно. Захидал, мэдээлэлдээ тоон гарын үсэг зурахдаа өөрийн тоон гарын үсгийн хувийн түлхүүрийг ашиглах ба харин шифрлэн илгээх бол хүлээн авагчийн нийтийн түлхүүрийг ашиглана.
Баримт бичигт гарын үсэг зурах гэрчилгээ Adobe PDF, Microsoft Office болон бусад баримт бичигт тоон гарын үсэг зориулалттай гэрчилгээ юм. Мон Пасс СА ГОБ-ын баримт бичигт гарын үсэг зурах гэрчилгээ нь ашиглахад хялбар, аюулгүй, үр нөлөөтэй бөгөөд аливаа баримт бичгийн эх сурвалж, зохиогчийг хөдөлбөргүй баталгаажуулах боломжийг хангана. Мон Пасс СА ГОБ-ын баримт бичигт гарын үсэг зурах гэрчилгээ нь Adobe PDF, Microsoft Office, OpenOffice болон LibreOffice баримт бичгүүдэд маш тохиромжтой.
Хосолсон гэрчилгээ: Энэ гэрчилгээ нь таньж баталгаажуулах болон баримт бичигт гарын үсэг зурах боломжийг хослуулсан тоон гарын үсгийн гэрчилгээ юм. Монгол Улсын иргэний ухаалаг үнэмлэх болон байгууллагын төлөөлөгчийн э-токенд энэхүү хосолсон гэрчилгээг олгож байна.
SSL гэрчилгээ: SSL гэрчилгээ нь криптограф түлхүүрийг байгууллагын өгөгдөлд тоон аргаар холбож өгсөн жижиг файл юм. Энэ файлыг веб серверт суулгахад түгжээ болон https шифрлэгдсэн протоколыг (443 портоор дамжуулан) идэвхжүүлж интернет хөтөч болон веб серверийн хоорондын аюулгүй холболтыг хангана.
SSL гэрчилгээний гол зорилго нь интернетээр дамжуулж буй чухал, нууц мэдээллийг хамгаалах, зөвхөн эцсийн хэрэглэгч тайлж унших байдлаар шифрлэхэд оршино. SSL гэрчилгээ ашиглаж байгаа үед таны мэдээллийг хүлээн авч буй серверээс өөр хэн ч мэдээллийг замаас нь унших боломжгүй болно.
Түүнээс гадна SSL гэрчилгээ нь найдвартай таньж баталгаажуулах боломжийг хангана. Та гэмт хэрэгтний серверт биш, харин зөв серверт өгөгдөл, мэдээллээ илгээж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно.
Та аливаа тоон гэрчилгээ авахын тулд “МонПасс СА” ГОБ-д онлайнаар эсхүл түүний гэрээт түнш байгууллагад биетээр очиж хүсэлтээ гаргана уу. ГОБ болон Гэрээт түнш байгуулга таны хувийн мэдээллийгн иргэний ухаалагч үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, бусад шаардлагатай баримт бичгийг баримтлан баталгаажуулсны дараа таны иргэний үнэмлэхэд, хэрэв байгууллагын төлөөлөгч бол крипто э-токен дээр тооны гарын үсэг, гэрчилгээг бичиж олгоно.
2-р зэрэглэлийн гэрчилгээ: Энэхүү гэрчилгээг бизнес эрхлэгч болон (хувийн хэвшил) хувь хүмүүс аль алинд нь олгоно. Энэхүү гэрчилгээ нь захилагчийн гаргасан хүсэлтэд байгаа мэдээлэл нь хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчийн мэдээллийн санд байгаа мэдээлэлтэй харшлахгүйг батална.
3-р зэрэглэлийн гэрчилгээ: Энэхүү гэрчилгээг бизнес эрхлэгч болон (хувийн хэвшил) хувь хүмүүст олгоно. Энэхүү гэрчилгээг олгохын тулд та ГОБ юмуу гэрээт түнш байгууллагад өөрийн биеэр очиж хувийн байдлыг баталгаажуулсан баримт бичгийг бодитойгоор үзүүлж өөрийгөө баталгаажуулах шаардлагатай.